ИРГЭНИЙ НИЙГЭМГҮЙ МОНГОЛ Монголд - TopicsExpress



          

ИРГЭНИЙ НИЙГЭМГҮЙ МОНГОЛ Монголд дураараа дургиж буйгаа эрх чөлөө хэмээн андуурцгаана. Яасан ч яадаг юм, юу хийх нь миний эрхийн асуудал гэдэг нь үнэндээ ардчилал, эрх чөлөө биш. Яасан ч яадаг юм, юу ч хийсэн миний дур гэдэг бол харин хедонизмын тухай ойлголт юм. Гэтэл Монголд дураараа дургиж буйгаа эрх чөлөө хэмээн андуурцгаана. Улс төр, философийн чухал ойлголтыг хольж хутган муйхраар зүтгэцгээнэ. Өөрөөр хэлбэл оюун нь самуурчихсан хүмүүс олширлоо. 22 жилийн өмнө социализмыг устгаж ардчиллыг байгуулахаар зориг шулаадсан нөхдүүд нэг л юмыг маш сайн хийж чадсан. Тэр нь юу вэ гэвэл социализмыг дэндүү сайн устгаж чадсан. Харин харамсалтай нь ард түмэнд хэрэгтэй ардчиллыг оруулж ирж чадсангүй. Тэд социализмыг устгана гэдэг нэрэн дор Монголын бүх бүтээн байгуулалтыг устгасан. Монгол улс аж үйлдвэрийн орон бараг болчихсон байсан. Бүхий л томоохон үйлдвэрүүдийг устгаж, олон мянган хүнийг ажлын байргүй, амьдралгүй болгож, архитай нөхөрлүүлж амийг нь авсан. Тэд социализмыг устгах нэрэн дор томоохон үйлдвэрүүдийг үгүй хийснээр Монгол улс аж үйлдвэрийн орноос гар үйлдвэрийн буюу голоо зогоох төдий үйлдвэрлэл явуулдаг орон болж хөгжлийн ухралт хийсэн ба нэг ёсондоо 50 жилийн хөгжлөө устгасан. Монгол улс фермерийн мал аж ахуйн орон бараг болчихсон байсан. Харамсалтай нь тэд социализмыг устгах нэрэн дор фермерийн мал аж ахуйг үгүй хийж, нүүдлийн мал аж ахуйн орон буюу эргээд хүй нэгдлийн нийгмийг бий болгож хөгжлийн асар том устгал хийсэн. Тэд социализмыг устгах нэрэн дор томоохон бүтээн байгуулалтуудыг устгаснаас гадна монгол хүний бүх үнэт зүйл, ёс суртахуун, иргэний ухамсар, “нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг яг өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа Монголын сайхан уламжлалыг устгасан. Тэд социализмыг устгаж, ардчиллыг байгуулах нэрэн дор иргэний нийгмийг үгүй хийж “хүн хүндээ чоно” болсон адгуусны нийгмийг бий болгосон. Ингээд 1990 оноос хойш Монгол улс ямар ч бүтээн байгуулалтгүй, хөгжлийн ямар ч чиг хандлагагүй, цогц бодлогогүй болсон ба монгол хүний хувьд ямар ч үнэт зүйлгүй, ёс суртахууны ямар ч хэм хэмжээгүй, иргэний ямар ч ухамсаргүй буюу иргэн хүнгүй болсон. Ямар хүнийг иргэн хүн (citizen) гэх вэ? Иргэний ухамсар (citizenship)-тай хүнийг л иргэн хүн гэнэ. Иргэнгүй гэдэг нь иргэний нийгэмгүй гэсэн үг. Иргэний нийгэм нь хүмүүнлэг мөн чанартай, иргэнээ хайрладаг, хамгаалдаг, суралцаж хөгжих болон амьдрах бүх нөхцөл бололцоогоор хангаж байдаг. Өөрсдийгөө ардчилагч хэмээн өргөмжилсөн нөхдүүд социализмыг устгаснаас хойш монгол хүний эзэмшчихсэн байсан мэндлэх хүндлэх ёс, уучлалт гуйх, буруугаа хүлээх, алдаагаа гэмших, хариуцлага хүлээх зэрэг ёс суртахууны хэм хэмжээнүүд буюу нэг ёсондоо хүний биеэ зөв авч явах соёл устгагдсан. Би бол хээгүй хүн хэмээн хүн төрөлхтний соёлыг уландаа гишгэж, цээжээ дэлдэн энэ бол миний эрх чөлөө, юу ч хийсэн миний дур, “юу сайхан — дур сайхан” хэмээн дураа дагагсад нийгэмд олноор бий болсон. Дур гэдэг бол адгуусны шинж. Дураа дагана гэдэг бол адгуусны амьдралаар амьдармаар байна гэсэн үг. Адгуусны амьдралаар амьдрахыг хүсэх нь эцэстээ адгуусны үхлээр үхэх замыг нээж өгдөг. Адгуусны амьдралыг илүүд үзэгч нар яагаад нийгэмд ийм олон болчихов? “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав” гэдэг үг байдаг. Хэн шаазгай суух овоог босгов? Өөртөө ардчилагч гэсэн нэр өгсөн хүмүүс. Нөхцөлийг нь бүрдүүлээгүй бол адгуусны амьдралыг сонгох хүсэлтэй хүн бараг гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Монголд өнөөдөр ардчилагчдын гайгаар соёлгүй хүмүүсийн бөөгнөрөл үүсчихээд байна. Соёлгүй хүмүүсийн бөөгнөрөл нь улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг. Соёлгүй хүмүүс хэр олон байна, тэр хэмжээгээр улс орон хөгжихгүй, зогсонги байдалд ордог. “Монголдоо сайхан амьдарцгаая” гэсэн уриалгыг “Монголдоо соёлтой амьдарцгаая” гэж өөрчлөх хэрэгтэй болов уу. Өнөөдөр монголчууд бид соёлын хувьсгал хийх хэрэгтэй байна. Социализм нэрийн дор Монголд соёлын хувьсгал хийсэн байдаг. Энэ хувьсгалын ачаар Монгол хүнийг ХХ зуунд хүний зэрэгтэй хүн болгож чадсан. Нийгэм, улс төр, соёл урлаг, психологи, мэдлэг гэх зэрэг хүн төрөлхтөнд аль хэдийн мэдээжийн болсон байсан ойлголтуудаас дэндүү хол, хөндий байсан өмсөх дээл, хонох эсгий гэр, унах морь, идэх махтай “хуучин хүү” монголчуудыг машин техник, физик, математик, Марксын философи, өмсөх гутал, амьдрах байшин, мэргэжлийн дипломтой “шинэ хүү” монголчууд болгож чадсан. Соёлын довтолгоон, соёлжих хөдөлгөөн, соёлын хувьсгал бүгд л эвтэй найртай хамтран амьдрахад тустай иргэншлийг бий болгоход зорьсон байдаг. Хуучин хүү шинэ хүү болон иргэн болсон цагт л иргэний нийгэм үүсэх боломжтой. Социализмын үед монголчууд бид шинэ хүү буюу иргэн болж чадсан байсан. Харамсалтай нь ардчилагчид социализмыг устгах нэрэн дор шинэ хүүг хуучин хүү болгож, иргэний нийгмийн суурь болох иргэний ухамсрыг устгасан. Өнөөдөр Монгол улс хөгжиж, Хойд Азийг босгож, хүн төрөлхтний хувь заяаг шийддэг байсан хүндтэй байр сууриндаа эргэж очихын тулд эхлээд монголчууд бид иргэний нийгмээ маш хурдан байгуулах ёстой. Иргэний нийгмийг байгуулахын тулд иргэн хүнийг бэлтгэх ёстой. Социализмын үед хүмүүсийг хамгийн түрүүнд иргэншүүлж, иргэний нийгэм байгуулах гэж улс орон даяар хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. Энэ нь ч үр дүнгээ маш сайн өгсөн. Харин ардчиллын үед хүмүүсийг ардчилсан орны иргэн болгох, иргэншүүлэх хөдөлгөөн улс орон даяар өрнөсөнгүй, харин ч эсрэгээр нь эрх чөлөө бол эмх замбараагүй байж болохыг хэлдэг юм хэмээн солиорцгоосон. Иргэний нийгэм байгуулж чадаагүй тул монголчууд бидэнд орчин үе ирсэнгүй. Мөн улс төрийн намуудаар дамжин бэлэг сэлт, шагнал, цол хэргэмийг хайр найргүй тараасан нь монгол хүн хөгжиж, орчин үеийг авчрах боломжийг хаасан юм. Орчин үегүй амьдрах гэдэг нь хуучинтайгаа зууралдаж, хоцрогдсоноо шүтэж, уламжлал нэрийн дор нэн доогуур боловсролын түвшинд харилцахыг хэлж байна. Боловсролын хуучирсан, дэндүү доогуур боловсролын түвшинд хэл ярианы харилцаа явагдана гэдэг нь орчин үеийг Монголд авчрахгүй, гав гинж зүүж шоронд хорьсонтой ижилхэн юм. Шоронд хоригдож, гавлагдсан орчин үеийг гавнаас нь салгах тийм идэвхтэй, соёлтой, боловсролтой хөдөлгөөн орон даяар өрнөх цаг болжээ. Иргэний нийгэм үүсээгүй учраас өнөөгийн монголчууд бид тулгарсан асуудал бүхэнд “бусдын явдал надад хамаагүй” гэсэн өнцгөөр хандаж, бузар булайг нь харсан, мэдсэн мөртлөө илчлэхгүй нуун дарагдуулснаар нийгэм ялзарч, хүмүүс хэт идэвхгүй болж, хэнийг ч, юуг ч шүүмжтэйгээр харахгүй, муу муухай бүхэнтэй эвлэрчихсэн байна. Шүүмжтэйгээр харахгүй байгаа нь хөгжилд хүргэхгүй байна. Үнэн хэрэгтээ хөгжил гэдэг бол хуучирсан зүйлсийг шүүмжтэйгээр харж, шинийг бүтээх юм шүү дээ. Энэ бүхнийг шүүмжлэлтэй харахын тулд мэдлэгтэй, боловсролтой хүн нийгэмд олон байж оюуны үрийг тарих ёстой. Гэтэл харамсалтай нь нийгмийг гэгээрүүлэх, сэхээрүүлэх ажлуудыг хийх хүмүүсийг бэлтгэх ёстой МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль маш муу ажиллаж байна. Тухайн орон нутгийн хүмүүсийн оюун ухаан хэр зэрэг сэргэг байж хөгжлийн тухай бодож, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна, тэр хэмжээгээр тухай орон нутгийн Их сургуулийн нийгмийн ухааны салбар нь ажлаа сайн, эсвэл муу хийжээ гэсэн дүгнэлтэнд хүрч онц, эсвэл муу гэсэн дүнг авдаг. Монгол улсад иргэний нийгэм үүсээгүйн, иргэний ухамсартай хүн цөөрсний бас нэгэн шалтгаан нь МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль ажлаа муу хийсний гай юм. Хүн төрөлхтний мэдлэгийн талаар ямар ч анхны мэдэгдэхүүнгүй, гадаад хэлний чадваргүй залуучууд болон хуучирсан мэдлэгтэй, шинэчлэхийг, хөгжүүлэхийг хүсдэггүй, зорьдоггүй, тэтгэвэртээ гарах нас нь аль хэдийн болчихсон өвгөн докторууд, хөгшин профессоруудад хүн төрөлхтний баталгаатай мэдлэг болох психологи, философи, социологи зэрэг нийгмийг гэгээрүүлж иргэний нийгэм бүтээх ажлыг хийх ёстой хамгийн чухал ажлыг хийлгүүлэхээр даалгасан нь бас нэгэн том алдаа болжээ. Мөн мэдлэгийн тухай ямар ч ойлголтгүй залуухан хөтлөгч, нэвтрүүлэгч нар хэвлэл мэдээллийн хариуцлагатай албыг хашиж зөвхөн өөрийн хувийн санаагаа ярьцгааж буй нь шинээр өсөж буй залуу үеийг төөрөгдөлд оруулахаас гадна хэвлэл мэдээллийн соёлд саад болж байна. Монголд ядаж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хөгжиж шинэ шатанд гарвал нийгмийн идэвх дээшилж, иргэний нийгэм төлөвшихөд дөхөм болно. Хэвлэл мэдээллийн шинэ шат гэдгээр техник, технологийн шинийг хэлсэнгүй хэвлэл мэдээллийн үнэн бодит байдал болон хэн нэгний захиалгаар биш, үргэлж үнэний талд, ард түмний талд байж, үргэлж үнэний төлөө хэвлэн нийтэлж чаддаг болох тухай л бодсон юм. Ард түмэн хэзээд хэвлэл мэдээллээс үнэнийг л хүлээж байдаг. Харин өнөөдрийн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард түмний үнэнийг хүлээсэн хүлээлтийг нь уландаа гишгэж, ард түмэнд ашиггүй, Монгол оронд хэрэггүй зүйлсийг ямар ч бодож санах юмгүй хэвлэн нийтэлж байгаа үнэхээр эмгэнэлтэй. Ардчилал гэдэг бол эрх чөлөө юм хэмээн анхнаас нь худлаа заасан ардчилагчдын балгаар өнөөдөр монголчууд бид эрх чөлөө бол яаж ч болно, юу ч хийж болно гэсэн том төөрөгдлийг бий болгосон юм. Хамгийн энгийнээр хэлэхэд эрх чөлөө гэдэг бол хуучинтайгаа бүү зууралд, зогсонги байдалд бүү бай, хэнд ч саад болохгүй хүссэнээрээ амьдар л гэсэн ойлголт шүү дээ. Хамгийн чухал нь юунд зориулж эрх чөлөөтэй болох гэж байна вэ? Эрх чөлөөг юунд хэрэглэх вэ? Хэрэглэхгүй гэвэл эрх чөлөөний хэрэг бий юу? Эдгээр асуултын хариултыг мэдэж байх нь чухал юм. Эрх чөлөө гэдэг бол хоцрогдсоноос салж шинэчлэгдэх чадвар. Тийм учраас эрх чөлөөний зорилго бол шинэчлэл, хөгжил, дэвшилд хүрэхэд хэн ч саад болох ёсгүй гэдэгт л оршино. Даяарчлагдаж буй өнөө үед монголчууд бид Хойд Азийг босгож, хүн төрөлхтний хувь заяаг шийддэг байсан тэр байр сууриндаа эргэн ирэхийн тулд хамгийн эхэлж хийх ёстой зүйл бол иргэний нийгмээ даруй байгуулах явдал юм.
Posted on: Sat, 13 Jul 2013 04:20:46 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015