МССХ-ны шинэ ерөнхийлөгч - TopicsExpress



          

МССХ-ны шинэ ерөнхийлөгч Ч.Отгонбаатар ахын тухай өөрийн нэгэн бичлэгээ та бүхэнд сонирхуулья. Тэрээр нэгэнт сонгуульдаа ялсан болохоор рекламдах зорилгогүй, танилцуулга төдий гэдгийг ойлгох биз ээ. Зарим тань урьд нь уншсан байж ч магадгүй. Сато ахын 50 насны төрсөн өдөрт зориулж 2009 оны хоёрдугаар сарын 5-ны "Таван цагариг" сонинд ийнхүү нийтлүүлж байжээ: САТО АХ Бидний хүндэлдэг нэгэн ах маань маргааш 50 нас хүрнэ. Түүнийг хүмүүс андахгүй. Янз бүрээр дуудна, авгайлна. Чүлтэмийн Отгонбаатар хэмээх албан ёсны нэрээс гадна “Барс”-ын, СОТ-ын, Дарханы, шүүгч, хөлбөмбөгийн, “Алтайн барс”-ын, Филадельфийн, Америкийн, Айверсоны, Спортын сэтгүүлчдийн холбооны, Олимпийн хорооны, Олимпийн зөвлөлийн, “Челси”-гийн, Сангийн яамны, 4812-ын, покерийн, Монголын гээд л хөвөрсөн олон тодотголтой. Отгоо ах, Отгон, Оогий, Сато ах гэхчилэн “nickname”-тэй. Амьдрал нь тэр чигээрээ спорт. Ямар сайндаа хөвгүүдээ хэн нэгэн алдарт хөлбөмбөгчний мэндэлсэн өдрөөр тааруулж төрүүлэх гэж Тунгаа эгчийг лоббидох билээ. Түргэн түргэн алхаатай, чанга цангинасан дуутай. Байнга л утасдаастай. Шөнө дунд, шүлэг найргийн цагаар ч залгана. Тэр үед “Челси” гоол хийжээ л гэж ойлгоход болно. Спортын хав халуухан шинэ мэдээллийг дуулгаж байж ч мэднэ. Хэд хоногийн өмнө залгаж байна. “Өнөө покерийн тэмцээнээ зохион байгуулаад хоёр хоног унтсангүй” гэх. Тэгснээ залгуулаад үүрийн долоон цагаас NFL-ийн финал үзлээ ч гэх шиг. Энгийн, танихгүй нэгэн бол Сато ахыг гайхна даа. Түргэн алхдаг шигээ түргэн сэтгэнэ, түргэн ярина. Түүний бодсоныг гүйцэж ойлгоход ч бэрх. Биднээс хэдэн алхмын урд л манаргаж явдаг, юугаараа ч. Мань хүн телевиз их үзнэ. Гэртээ гурван янзын кабелийн суваг тавиулчихсан, том өрөөндөө төдий тооны зурагт залгана. Олимп, томоохон тэмцээний үеэр TV-ийн тоогоо хоёр дахин олшруулна. Дээр дээрээс нь давхарлаад, дууг нь ихэд чангална. Удирдлагуудыг нь гарын дор авчраад, хажуудаа бас интернет залгачихна. Зүгээр үзээд суухгүй, тоо баримтыг тэмдэглэхээ мартахгүй. Зурагт дахь үйл явдлын ойролцоо хэн нэгэн танил хүн харагдвал утас цохихоос сийхгүй. Хаа хол, бөмбөрцгийн нөгөө бөөрөнд явсан ч хамаагүй. Тэгээд спортын сэтгүүлчид биднийхээ алдааг өнгөрөөхгүй. Сонин дээр, телевизийн дэлгэцээр гаргасан алдаа бүрт утастаж хангинана. Чанга чанга дуугараад л. Тэрүүхэн үедээ эвгүй санагдах ч биднийхээ төлөө л сэтгэл зовдгийг сүүлд ойлгодог. Спортын сэтгүүлчдийн холбоог толгойлж буйн хувьд ийн аашилдаг нь мэдээж. Баргийн нэгэн түүнийг ойлгохгүй. Нас хэвийсэн хэрнээ спорт хувцсаар гангарч үеийнхнээсээ залуужна. Ерээд онд наймаа хийж олсон мөнгөөрөө спортынхныг тэтгэн дэмжиж, чөлөөтийн Ооскад байр авч өгч, допингийн хэргээ мартан дэлхийгээс хоёр медаль зүүх урмыг нь асааж, Монголын хөлбөмбөгийг FIFA-д элсүүлж, монголчуудаас Пелетэй анх зураг татуулж, спорт тоглоомын шилдэг шүүгч болж гээд л түүнийг тодруулах олон баримт буй. Л.Якушев, В.Фетисов нарт Оросын уламжлалт “первый пасс” хомстоод буйг сануулан мадалж, Кувейтийн шейхтэй андын холбоогоо үргэлжлүүлж, Турины цагаан олимпийн хаалтын парадыг сайн дураараа зохион байгуулж, маршал Д.Устиновыг панаалдан ЦСКА-гийн бүх тоглолтыг үзэж… түүний аль домог паянг өгүүлж барах билээ. Бараг зуугаад оронд очиж спортын уралдаан тэмцээн үзсэн байх. Тэр бүрийд ямагт хувийн зардлаар л явдаг. Зүгээр тэмцээн үзээд байдаггүй, түүний арын алба, “гал тогоо”-нд юу болдгийг илүү сонжино. Телевизээр хардаггүй зүйлс рүүгээ тэнд өнгийж кайф авах. Тэрбээр ямагт бусдын төлөө гүйнэ. Хэн нэгнийг эхний хэдэн үгээ эвлүүлж ядах (хэдэн өгүүлбэр биш шүү!) үед юу ярих гэснийг нь ойлгочихоод “Отгоо ах нь ингэе, тэгье” болоод л явчихна. Амласан бол заавал биелүүлнэ. Дандаа хүнд тусалж, аливааг зохицуулж, зөвлөж, санаачилж, хөгжөөж, удирдаж явна. Дэлгүүрийн оочер, замын түгжрэлийг зохицуулах ч энүүхэнд. Машинд сууж явснаа буугаад гүйхийг яана. Замын цагдаа нарыг ичээм шуурхай ажиллаж зохицуулна. Ийм л ахтай хүмүүс дээ, бид. Сато ах маань 50 нас хүрлээ. Тандаа эрүүл энх, үргэлж залуугаараа байж, бидэндээ нөмөр болж явахыг хүсье.
Posted on: Sun, 23 Jun 2013 16:42:40 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015